Энэхүү төслийг Английн Стандартын институт, Чех Улсын Стандарт, Хэмжил зүй, Сорилтын байгууллага, Мальта Улсын Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Асуудал Хариуцсан газар, Туркийн Итгэмжлэлийн Байгууллага, Айниа технологийн төв, Нирас байгууллагын хамтарсан консорциум хэрэгжүүлж байна.
Английн Стандартын Институт (BSI)
Английн Стандартын Институт нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын үндэсний стандартчиллын үйл ажиллагааг хариуцан ажиллахаар 1901 онд байгуулагдсан бөгөөд 1929 онд Роял Чартерт нэгдсэн. 1982 онд Британийн Засгийн Газартай Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, Нэгдсэн Вант Улсын Үндэсний стандартын байгууллага болсон бөгөөд энэ нь 1901 оноос хойш явуулж байсан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байна. BSI нь дэлхийн хамгийн анхны үндэсний стандартын байгууллага бөгөөд Олон улсын стандартчиллын байгууллага (ОУСБ)-ын үндэслэгч гишүүн юм.
BSI нь Европын болон олон улсын стандартчиллын байгууллагуудад улсынхаа нийгэм, эдийн засгийн сонирхлыг төлөөлдөг бөгөөд үндэсний хэмжээний бүх байгууллагад бизнес мэдээллийн шийдэл боловсруулж өгдөг байгууллага юм.
BSI нь үндэсний, Европын болон олон улсын стандарт боловсруулах ажилд хэрэглэгч, үйлдвэрлэгч, төрийн байгууллага болон бусад сонирхогч талыг оролцуулах ажлыг хариуцахаас гадна Европын болон олон улсын зах зээл дээр үйлдвэрлэгчид нь үр ашигтай өрсөлдөх боломжийг бүрдүүлэн, сургалтын дэд бүтэц болон бүтээгдэхүүний сорилт, баталгаажуулалтын асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна.
BSI нь шилдэг туршлагад үндэслэсэн стандартыг сайн зуршил болгохын тулд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа дэлхийн хэмжээний байгууллага бөгөөд Англи улсын стандартын байгууллагын үүргийг давхар гүйцэтгэж байна. Тус байгууллагаас нилээд санаачлага гарган боловсруулсан олон улсын удирдлагын тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх замаар үйлдвэрлэгчийн гүйцэтгэлийг сайжруулах, эрсдлийг багасгах, тогтвортой хөгжих болон олон улсын түвшинд үйл ажиллагаагаа сайжруулах боломжийг бий болгож байна. Тус байгууллагын шилдгийг илэрхийлэх Kitemark® тэмдэг нь агаарын тээвэр, барилга, эрчим хүч, инженер, санхүү, эрүүл мэнд, мэдээллийн технологи, жижиглэн худалдаа зэрэг олон салбарт ашиглагдаж байна. Тус байгууллагын стандартыг дэлхийн өнцөг булан бүрт 147 орны 64000 хэрэглэгч хэрэглэж байна.
BSI нь бүтээгдэхүүний стандартын бие даасан, нэгдмэл, шинэлэг шинж чанараараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага бөгөөд стандарт боловсруулах, худалдах зэргээр үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээг ханган ажиллаж байна.
www.bsigroup.com
Чех Улсын Стандарт, Хэмжил зүй, Сорилтын Байгууллага /UNMZ/
Чех улсын стандарт, хэмжил зүй, сорилтын байгууллага (цаашид “ÚNMZ” гэх) нь тус улсын 20/1993 хуулийн дагуу байгууллагдсан. /энэхүү хуульд дараа нь нэмэлт өөрчлөлт орсон/ ÚNMZ нь Чех Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны харъяа төрийн байгууллага бөгөөд техникийн стандартчилал, хэмжил зүй, сорилтын салбарын үйл ажиллагааг хариуцан ажилладаг.
ÚNMZ нь бүтээгдэхүүний техникийн шаардлагын тухай 22/1997 хууль, хэмжил зүйн тухай 505/1990 хууль болон Засгийн газрын тушаал, шийдвэр, олон улсын гэрээний үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Уг байгууллага нь дараах үйл ажиллагааг явуулдаг:
- Чех улсын стандарт боловсруулах, хэвлэх, тараах;
- Чех улсын үндэсний стандартчиллын байгууллагын үйл ажиллагааг явуулах ба ISO, IEC, CEN, CENELEC, ETSI-ийн гишүүнчлэлийн үүргийг хүлээх;
- Чех улсын болон гадаадын, олон улсын стандарт болон стандартчиллын баримт бичгийн тухай мэдээлэл өгөх;
- Чех улсын үндэсний стандартыг батлах, мэдэгдэх, стандартыг хэрэгжүүлэх субъектыг томилох;
- Хэмжил зүйн салбарын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, хэмжих хэрэгслийн үнэн зөв байдлыг баталгаажуулах;
- Байгууллагуудад бүтээгдэхүүний тохирлын үнэлгээ явуулах эрх олгох, Европын комисс болон Гишүүн орнуудын эрх бүхий байгууллагад мэдэгдэх;
- Стандартчиллын чиглэлээр Европын Комисс болон олон улсын холбогдох байгууллагад Чех улсыг төлөөлөн оролцох;
- Үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд Европын Холбооны хууль тогтоомжийн төсөл бэлтгэхэд оролцох, улсын хэмжээнд хэрэгжилтийг хангах;
- Техникийн саад тотгорын тухай олон улсын гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, хамтран ажиллах;
- 98/34/ЕС удирдамжид заасан холбоо барих газар болон ДХБ/ХДТСТ-ын тухай гэрээний лавлах төвийн үйл ажиллагааг эрхлэх;
- Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагын олон улсын хамтын ажиллагааг хангах.
www.unmz.cz
НИРАС A/S
НИРАС байгууллага нь 1956 онд инженерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Дани улсад байгуулагдсан бөгөөд одоогоор 25 салбар нэгж, 1300 ажилтантай техникийн үйлчилгээ, удирдлагын чиглэлээр зөвлөгөө өгдөг Скандинавын томоохон компаниудын нэг болтлоо хөгжсөн байна. НИРАС олон улсын зөвлөх хэсэг нь 150 гаруй өндөр мэргэжлийн ажилтантай бөгөөд хөдөө аж ахуй, агро бизнес, хүнсний аюулгүй байдал, газар, усны нөөцийн удирдлага, засаглал болон байгууллагыг чадавхижуулах, сургалт боловсрол, төрийн бодлого, удирдлагын шинэчлэл зэрэг чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.
www.niras.com
АИНИА Технологийн төв
AИНИА Технологийн төв нь хөдөө аж ахуйн хүнсний чиглэлээр судалгаа, шинжилгээ, техникийн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг тэргүүний байгууллага юм.
AИНИА нь Испани улсын Валенся хотод байрладаг бөгөөд олон мэргэжлийн өндөр ур чадвартай 200 гаруй ажилтантай. (хүнсний инженер, химийн инженер, микробиологи, малын эм, хуульч гэх мэт.) Уг байгууллага нь мэргэжлийн түвшинд өндөр чанартай үйлчилгээ үзүүлэхээс гадна шинэ санаачлага, шинэ шийдлийг хүргэж байна.
Тус байгууллага нь хүнсний аюулгүй байдал, хүнсний чанар, эрүүл ахуй, ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын бүтээгдэхүүн, хүнсий бүтээгдэхүүний сүлжээний ул мөрийн тогтолцоо, хүнсний тухай хууль, мэргэжлийн ажилтны сургалт, шинжилгээ (химийн болон микробиологийн лабораторийн) чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. www.ainia.es
Туркийн Итгэмжлэлийн Байгууллага /TurkAk/
TURKAK нь Турк улсын 4457/27.10.1999. хуулийн дагуу байгуулагдсан үндэсний итгэмжлэлийн байгууллага юм. Энэхүү хууль нь 2008 онд шинэчлэгдсэнээр байгууллагын үйл ажиллагаа илүү уян хатан болсноос гадна сонирхогч талуудын тэнцвэрийг бий болгох, оролцоог хангах асуудлыг шийдвэрлэж өгсөн. Хуулийн шинэчилсэн хувилбарыг Ерөнхий чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан бөгөөд одоогоор батлуулахаар хүлээж байна. TURKAK нь хуулийн дагуу төрийн байгууллага биш ч гэсэн бодит байдалд төрийн байгууллагын үйл ажиллагаа явуулдаг.
TÜRKAK нь одоогоор 400 гаруй итгэмжлэл олгоод байна. Итгэмжлэлийн хүсэлтийн тоо 2007 онтой харьцуулахад 2 дахин өссөн. TÜRKAK нь жилд 120-130 анхны итгэмжлэл олгох боломжтой. Уг байгууллага нь 44 ажилтантай бөгөөд 13 нь мэргэжлийн үнэлээчтэй. Жилд нэг менежер 40-50 материал хүлээн авч шийдвэрлэх боломжтой. Зарим менежер нь ахлах үнэлээч байдаг.
TURKAK нь тохирлын үнэлгээний байгууллагыг үнэлэх, итгэмжлэх үүрэгтэй бөгөөд итгэмжилсний дараа ч үйл ажиллагаанд нь хяналт тавина. Шинэчилсэн хуулийн дагуу уг байгууллага нь GLP мониторингийн ажлыг хариуцан ажиллахаар болсон. www.turkak.org.tr
Mальта Улсын Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Асуудал Хариуцсан Газар /MCCAA/
Мальта улсын өрсөлдөөн, хэрэглэгчийн асуудал хариуцсан газар нь тус улсын Парламентийн 2011 оны 190 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд Мальта улсын стандартын байгууллага болон Хэрэглэгч, өрсөлдөөний газар хэлтсийг нэгтгэсэн юм. Стандартын байгууллагын үйл ажиллагааг дараах 2 газарт хуваана: Техникийн зохицуулалтын газар, Стандарт, хэмжил зүйн институт.
Техникийн зохицуулалтын газар нь Хүнсний аюулгүй байдлын тухай хууль (Cap. 427), Пестицидийн хяналтын тухай хууль (Cap. 430), Хүнсний аюулгүй байдлын тухай хууль (Cap. 449)-ийн дагуу бүх хууль эрх зүйн асуудлыг хариуцна. Энэ газар нь дараах 2 хэлтэстэй:
- Эрх зүйн асуудал хариуцсан хэлтэс нь хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, ЕХ-ны комисст яамдуудыг төлөөлөх, бүтээгдэхүүний чөлөөтэй урсгалыг хангах, СЕ тэмдэг тавих, хүнсний бүтээгдэхүүний хаяглалт, шошгожуулах, химийн бодис, пестицид, гоо сайхны бараа бүтээгдэхүүн зэрэг асуудлаар Брюссель хотноо зөвлөлдөх уулзалтанд оролцох.
- Зах зээлийн хяналтын хэлтэс нь зах зээл дээр байгаа бараа бүтээгдэхүүн нь холбогдох хууль тогтоомжийг хангаж байгаад хяналт тавих.
Стандарт, хэмжил зүйн институт нь стандартчилал, хэмжил зүй, сорилтын лаборатори гэсэн 3 хэлтсээс бүрдэнэ:
- Стандартчиллын хэлтэс нь байгууллагын, үндэсний, бүсийн болон олон улсын түвшинд стандартчиллын болон холбогдох үйл ажиллагааг хариуцан ажилладаг бөгөөд үндэсний стандартыг боловсруулах, батлах, хэвлэх үндсэн үүрэгтэй. Мөн шинэ стандартын сэдвийг олон нийтэд мэдээлэх, стандарт боловсруулах, өөрчлөж шинэчлэх ажлыг хариуцдаг. Мөн олон улсын, Европын болон үндэсний стандартын дагуу баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг;
- Хэмжил зүйн хэлтэс нь үндэсний хэмжээний хэмжил зүйн асуудлыг хариуцдаг бөгөөд үндэсний 7 эталон ажиллуулдаг (масс, урт, температур, чийгшил, даралт, хугацаа, давтамж). Мөн хууль эрхийн хэмжил зүйн үйл ажиллагааг хангаж ажиллаж байна;
- Лабораторийн хэлтэс нь химийн, биологийн, шүүх эмнэлгийн, инженерийн болон иргэний барилга байгууламжийн сорилт хийж гүйцэтгэдэг бөгөөд гол үйлчлүүлэгчид нь төрийн байгууллага, эмнэлгийн болон хүнсний салбарынхан, мөн материалын сорилт, шүүх эмнэлэг зэрэг багтана.
MCCAA нь бие даасан 2 нэгжтэй:
- Өрсөлдөөний нэгж нь үндэсний зах зээлийн өрсөлдөөний шударга байдлыг хангах, зах зээлийн үйл ажиллагааны үр ашигтай байдалд хяналт тавих үүрэгтэй.
- Хэрэглэгчийн асуудал хариуцсан нэгж нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хэрэглэгч, үйлдвэрлэгчийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хэрэглэгчийн эрхийн тухай мэдээлэл түгээх, худалдааны сайн дадал болон хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг хариуцан ажилладаг.
mccaa.org.mt